Sunday, April 14, 2013

Миний ээж (хөрөг)



Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг ( хөрөг )
Өглөө ээжийнхээ хажууд хэвтэж байхдаа би өмнө нь огт анзаардаггүй байсан зүйлсээ олж харлаа. Санаа зовох асуудал огт байхгүй шүү охин минь гэж надад үргэлж хэлдэг атлаа сайхан царайных нь ард нууугдсан гунигыг би одоо л харж байна.
"Амьдрал хэмээх жаргал зовлонгоор нэхсэн торон дотор" бусдын л адил амьдарч яваа ээжийг минь Цэнд-Аюуш гэдэг. Хөндлөнгийн хүний нүдэнд бол 45 орчим насны намхан нуруутай, шар царайтай, нилээд өтгөндүү шаргал үстэй, тас тас хийсэн чанга яриатай, нүдэнд дулаахан энэ хүн бол миний хувьд нүдээ нээсэн цагаасаа хойш харсан хамгийн хөөрхөн эмэгтэй юм. Бусдын нүдэнд ийм ч миний сэтгэлд үргэлж залуугаараа байдаг ээж минь дув дугуй давхраатай алаг нүднийхээ ойролцоох хэдэн үрчлээг  энгэсгээрээ чадан ядан далдалсан нь " улаанбаатарын замууд дээр тавигдсан нөхөөс " шиг ядруухан аргалж байгаа мэт харагдаж байлаа. Бас бор шаргал өнгөөр будсан үснийх нь угаас түрэн ургаж буй буурал үсийг нь одоо л анзаарч байгаа минь энэ.
Ээж минь 1969 оны 01 сарын 01ны өдөр Сүхбаатарын 3 дахь охин болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Үсээ 2 салаа сүлжин, орос форм өмссөн охин нийслэлийн 53р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин эмнэлгийн цагаан нөмрөг нөмрөх эмч биш ч гэлээ тэднээс дутуугүй сайн сувилагч болон Баянзүрх дүүргийн эмнэлэгээс ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Ээж маань одоог хүртэл эмнэлгийн салбартаа ажилласаар байгаа.
Гаднаасаа бол хүүхэд шиг гэнэн, бодлогогүй ч юм шиг үргэлж л инээж явдаг ээжийн минь хэлсэн үг зөвлөсөн зөвлөгөөнүүд надад маш их зүйлсийг ойлгуулдаг. Би хэнтэй ч билээ дээ ойлголцож чадалгүй маргалдаад нэг их сэтгэлээр унаж байсан үе байсан санагдаж байна. Энэ үед ээж урдаас минь харж суугаад нилээд нухацтай юм шиг мөртлөө бас санаашрангуй царай гаргангаа "Чи хэзээ ч , хэнийг ч хуурч байгаагүй. Гэхдээ бусад хүмүүс чамайг хуурахыг чи зөвшөөрдөг. Тэд чамайг үнэн хэрэгтээ хэн болохыг чинь олж мэдэхийг тэгж их хэчээгээгүй. Тэгсэн хирнээ чамайг хэн байх ёстойг хялбархан гэгч нь бодоод олчихсон. Тэд чамайг чамаар биш, өөрсдийнхөө төсөөлж бодсон тэр огт өөр хүнээр төсөөлж хайрладаг. Харин тэд жинхэнэ чамайг үе үе олж харахаараа чамайг өөрсдийг нь хуурсан гэж буруутгадаг" гэж хэлж байсан үг нь бодлоос минь гардаггүй юм.
Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг. Учир нь би анх нүдээ нээсэн цагаасаа л ээжийгээ хайрлаж эхэлсэн.
                                                Сэтгүүлч 2а С.Саруулзаяа

No comments:

Post a Comment